Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Цамбагарав хайрхны өвөрт уруйн үер бууснаас байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Урьдчилсан байдлаар 20 га ой сүйдэж, хөрс нь элэгдсэн, 15 айлын өвөлжөө, хаваржаа, зуслангийн зам дагуух 15 тоннын даацтай гүүр усанд урссан гэж хохирлын зэргийг тогтоожээ. Тус аймгийн Онцгой байдлын газрынхан “Мөнх цас хайлж гол, нуурын усны түвшин нэмэгдсэн үед аадар бороо удаан хугацаанд үргэлжлэн орсноос онц аюултай гамшиг тохиолоо. Мод, ургамал булгаран унаж, ор мөргүй болсон гэхээр хэр хүчтэй үер буусан нь төсөөлөгдөх болов уу. Эрдэнэбүрэн сум, Баянгол багийн нутгийг холбодог ганц гүүр урсаж, үгүй болсон учраас тэнд зусаж байгаа малчидтай холбоо тогтоож чадалгүй хоёр хоносон. Тухайн чиглэлийн зам хаагдсанаас хоёр автомашинтай 11 хүн усанд боогдсоныг аварч, шаардлагатай арга хэмжээг авсан. Гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна” гэсэн юм.
Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар Хархираан уулс дундах Шар болон Хөх нуураас эхтэй их ус Хусны голд нийлснээс Цамбагарав хайрхны өвөр хэсэг, ойн сан бүхий газар ийм аюулд өртсөн байна. Өдгөө тухайн хэсгийн газар бүхэлдээ лаг, шаварт хучигджээ. Мөнх цаст уул, томоохон усны хагалбар бүхий хэсэгт орших суурин газар, ойн сан үерийн аюулд өртөх нь элбэг. Эрдэнэбулган сумын Баянгол баг ийм эрсдэлтэй бүсэд хамаардаг ч энэ хэрийн аюул тохиолдоно гэж төсөөлөөгүйг нутгийнхан онцлов.