Хүн төрөлхтний түүх олон дайн дажнаар ч, гамшигт үзэгдлүүдээр ч мөн хөгжил дэвшил, ололтоор ч дүүрэн байсан. Бас сонин содон зүйлсээр ч баялаг байлаа. Тэдний нэг нь яахын аргагүй гоо бүсгүй шалгаруулах тэмцээн билээ. 1888 онд Бельги улсын далайн эргийн нэгэн амралтын газар явагдсан сайхан бүсгүйг тодруулах тэмцээн ямар агуу том шоу бизнесийн эхлэл болохыг тухайн үед хэн ч гадарлаагүй биз. Анх бий болсон цагаасаа эхлээд л уг арга хэмжээний эргэн тойронд сайн муу, хар цагаан хослон эргэлдсээр ирсэн ч хэзээ ч доор өгүүлэх түүх шиг аюул дагуулж байгаагүй ажээ.
1982 он. АНУ-ын Майами хотын Их сургуульд царайлаг хөөрхөн охид олон сурдаг байв. Гэхдээ тэдгээр дундаас Бетт Кейнон үнэхээр ялгардаг байлаа. Өтгөн бор үстэй, усны дагина шиг гоолиг биетэй, Бетт цасан цагаан шүдээ яралзуулан инээх нь үнэхээр үзэсгэлэнтэй аж. Хэдий гоо үзэсгэлэн төгөлдөр Бетт даруухан охин аж. Өрөө тасалгаанд ороод ирэхэд тэндэх бүх хүмүүсийн харц Бетт дээр унаж байгааг бүсгүй өөрөө ч анзаардаггүй байв. Түүний дотоод сэтгэл гадаад төрх шигээ сайхан аж. Тэрбээр аялах дуртай, олон найз нөхөдтэй нийтэч найрсаг бүсгүй байлаа. Өөрөөс нь бусад хүмүүс түүний үзэсгэлэнтэй сайхныг мэдэх тул бүгд л Беттийг гоо бүсгүйн тэмцээнд орохыг ятгах аж. Бетт өөртөө төдийлөн итгэлгүй тул энэ зөвлөгөөг авалгүй нэлээд уджээ. Ингээд их сургуулиа төгсөх жилээ л олон найз нөхдийнхөө ятгалгад автан уг тэмцээнд оролцхоор шийдсэн байна. Тэмцээний шувтаргын шат дуусаж тайзан дээрээс “1982 оны Майама хотын гоо бүсгүйгээр Бетт Кейнон шалгарлаа” гэж зарлахад ч Бетт өөртөө итгэлгүй хэвээр л байсан гэдэг. Ингээд 22 настай Бетт Кейнон бүсгүйн амьдралын цоо шинэ хуудас нээгдэх нь тэр ээ. Хэзээний нийтэч, ямар ч хүнтэй тун найрсан ханддаг Беттай танилцахад амархан аж. Тухайн хүн ямар зорилго агуулан түүнтэй яриа өдөн танилцаж байгааг Бетт огт сонирхдоггүй байжээ. Тиймээс Беттын танилын хүрээ тэмцээнээс хойш улам өргөжсөн нь мэдээж. Майама хотын гоо бүсгүй маань цаашлаад мужийнхаа гоо бүсгүйн тэмцээнд оролцох болов. Үзэгчид болон Беттийн дэмжигчид түүнийг ялна гэдэгт итгэлтэй байсан ч аз дутаж хоёрдугаар байрт шалгарав. Флорида мужийн уг тэмцээн тухайн бүс нутагтаа төдийгүй, АНУ-даа ч нэр хүндтэйд тооцогдож чухам эндээс л загварын акулууд төрдөг болохоор хоёрдугаар байрны эзэн Беттын өмнө маш их боломж нээгджээ. Гоо бүсгүйг загварыг олон агентлагууд ар араасаа урин загвар өмсөгчөөр ажиллах санал тавих болов. Бетти хэдий өөрийн ирээдүйн мэргэжил болох тусгай сургалтын багшийн ажилдаа дуртай боловч дээрх саналуудаас татгалзаж чадсангүй. Загвар өмсөгчдийн эргэн тойронд үргэлж мөнгөтэй баячууд, алдартай жүжигчид, тамирчид эргэлдэх учир Бетти энэ эргүүлэгт өөрийн эрхгүй автав. Жилийн дараа гэхэд Бетти загварын ертөнцийн нэгэн тод томруун од болсон байлаа. Гэхдээ тэрбээр эзэмшсэн мэргэжлээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн багшаар ажилласаар байв. Энэ ажилдаа ч Бетти өссөн дэвжсээр байлаа. Өр хоорондоо эрс тэс ялгаатай хоёр ертөнцийг гоо бүсгүй маань маш ухаалаг бас чадварлаг хослуулж байлаа.
1984 оны гуравдугаар сарын 6-нд оны шилдэг багш Бетти Кейнон ажилдаа ирээгүй нь хамт олных нь гайхшралыг төрүүлжээ. Гэр рүү нь залгасан авч хариу өгөхгүй байв. Эцэг эхтэй нь холбогдоход тэд юу ч мэдээгүй байлаа. Загварын арга хэмжээнд оролцохоор өөр хот руу, муж руу явах тохиолдол бишгүй байвч гэр орныхондоо заавал дуулгадаг байж. Бүгд тэсвэртэй хоёр өдөр хүлээв. Бетт ирсэнгүй. Майами хотын цагдаагийн газарт өдөр болгон хэн нэгэн алга болсон талаарх өргөдөл хэдэн арваараа ирж хэсэг хугацааны дараа алга болсон хүмүүсийн тэн хагас нь эргээд ирдэг болохоор мөрдөгчид тун ч хайнгадуу ханджээ.Хуулийн байгууллага хөдөлж өгөхгүй болохоор нь Беттийн эцэг эх хувийн мөрдөгч хөлсөлсөн аж. Беттийн ээж мөрдөгчид охины гэрт очир шигтгээтэй бөгж байгаа эсэхийг шалгаарай гэж зөвлөжээ. Мөрдөгч алга болсон бүсгүйн гэрт нэгжлэг хийгээд тэрхүү бөгжийг олов. Удам дамжиж ирсэн, нэг ёсны тэдний гэр бүлийн сахиус болсон бөгжийг Бетт ийш тийш явахдаа заавал ч үгүй гартаа зүүдэг байж. Гоо бүсгүйн үргэлж авч явдаг бас нэг зүйл бол тэмдэглэлийн дэвтэр нь. Тэрхүү тэмдэглэлийн дэвтэр ч гэсэн гэрээс нь олдов. Тэгэхээр Бетт хаа нэгтээ яваагүй байх нь. Тэмдэглэлийн дэвтэрт Беттийн бүх танилуудыг нэрс утасны дугаар жирийтэл бичээстэй байлаа. Мөрдөгч тэдгээр хэдэн зуун хүнээс Беттай илүү ойр дотно, уулзаж учирч явсан гуч гаруй хүнийг онцлон ээжид нь үзүүлтэл Крис Уалдер гэдэг хүний нэр дээр ээжийнх нь сэжиг буув. Бетт өмнө нь энэ залуутай дотно харьцаатай байжээ. Харин Беттийн ээжид тэр залуу тун таагүй сэтгэгдэл төрүүлсэн аж.
Мөрдөгч эрэлээ Крисээс эхэлэхээр шийдэв. Түүнтэй уулзах тийм амархан биш байлаа. Янз бүрийн шалтаг тоочин мөрдөгчтэй уулзахаас зугтаад байгаа нь илт. Хэдэн өдөр гуйлган байж уулзахад Крис мөрдөгчийн бараг ихэнх асуултанд “Би үүнд ямар ч хамаагүй” гэсэн товчхон хариулт өгчээ. Яагаад тэрбээр Беттийн тухай ярихаас ингэтлээ айгаад байгаа учрыг олох нь нэн шаардлагатай болов. Крис Уалдер гэгч хэн юм бэ? Тэрбээр хувьдаа барилгын компанитай, гэрэл зургын сонирхолтой төдийгүй авьяслаг зурагчин гэж тооцогддог бөгөөд Беттээс олон насаар ах эр байлаа. Крисын хамгын их сонирхдог зүйл бол гоё машин, сайхан хүүхнүүд аж. Сайхан бүсгүйчүүдийн дунд эргэлдэхийг хүсвэл баян чинээлэг бас стильтэй байх хэрэгтэй. Тиймээс Крис байгаагаасаа илүү харагдахын тулд үнэтэй брэндийн дуриамал цаг, хослол өмсдөг байв. Бас өөрөө ч дажгүй царайлаг залуу аж. Крис, Бетт хоёр 1983 оны хавар Флорида мужын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр танилаж. Царайлаг, цэмцгэр гадаад төрхтэй авьяслаг зурагчин Беттийн сонирлыг ч татсан байна. Крис гоо бүсгүйтэй ёстой л хатан хаан мэт харьцаж байсан гэдэг. Танилцаад едөө хэдхэн долоо хоногийн дараа Крис гоо бүсгүйд гэрлэх санал тавьсан нь Беттийг балмагдуулсан ч бүсгүй түүнийг эцэг эхтэйгээ танилцуулсан байна. Крис тэдэнд таалагдах нь битгий хэл харин ч бүр эвгүй сэтгэгдэл төрүүлжээ. Крисийн гоо бүсгүйтэй гэрлэх төлөвлөгөө нурах нь тэр. Ингээд хосын харилцаа тасарсан нь Беттийн эцэг эхээс шалтгаалсан аж. Гэхдээ Беттийн найз нарын ярьснаар бол хосууд найз нөхдийн холбоогоо хадгалан үлдсэн байв. Дээрэс нь Беттийг алга болох үеэр тэрбээр өөр хотод байсан нь нотлогдов. Ингээд Крис Уалдер нь хэрэгтэй хүн биш байна гэсэн дүгнэлтэд мөрдөгч хүрээд эрэлээ цааш үргэлжлүүлэхээр шийджээ.
Мөрдөгчийн эрэл хайгуул Беттийн ажилдаг сургууль дээр үргэлжлэвв. Беттийн нэг шавь “Багш алга болохоосоо өмнө унадаг машинаа засуулах хэрэгтэй байна” гэж ярьж байсан талаар мэдүүлэв. Мөрдөгч засварын газрыг олж тогтоогоод ажилчдаас нь лавлатал Бетти алга болдог өдрөө засварт өгсөн машинаа аваад явсан байлаа. Ингэхдээ нэг эрэгтэй хүнтэй байсан бөгөөд олон улсын нисэх буудлыг зүг давхисан талаар засварчин ярив. Танихгүй эрэгтэй Флорида мужийнх бололтой наранд борлосон царайтай, дунд орчим насны хүн байсан гэнэ. Тэрбээр Беттид өндөр цалинтай ажил санал болгож мөн цаг маш бага үлдээд байгаа тухай ярьж байсныг засварчин сонссон байлаа. Онгоцны буудал орох зам дээрээс Беттийн машин одлоо. Дотор нь хэн байхгүй бөгөөд ямар нэгэн сэжигтэй зүйл ч анзаарагдсангүй. Мөрдөгч тээшийг нь нээж байхдаа зүрх нь хүчтэй цохилж байсан гэдэг. Гэсэн ч тээш мөн л хоосон аж.
Мөрдөгч Беттийн сул талыг судлах болов. Багш мэргэжилтэй, даруухан бас ухаалаг гоо бүсгүй маань баян чинээлэг болон нөлөө бүхий хүмүүс цуглардаг янз бүрийн үдэшлэг хэсэх дуртай байж. Энэ нь тийм ч аюулгүй биш аж. Баян чинээлэг хүн болгон үнэн шударгаар мөнгөө олдоггүй. Тэгэх тусмаа 80-аад оны үеэр Флорида мужид хар тамхины наймааны далд эзэд ихээр цуглардаг байжээ. Бетт хүмүүжилтэй шударга бүсгүй байсан. Гэвч гэмт хэргийн аймшигт ертөнц гоо бүсгүйн хатан хааныг залгиж орхисон ч юм билүү, хэн мэдэх вэ. Олон үдэшлэгүүдийн нэгэн дээр Бетт германы нэгэн бизнесментэй танилцжээ. Тэрхүү герман бизнесмен Беттийн уулзсан сүүлчийн хүн байж таарав. Бүдүүн гэдэстэй, зузаан түрүүчтэй герман эр бүсгүйд таалагдаагүй бөгөөд хэдэн удаа үнэтэй зоогийн газар хамт хооллосноос өөр зүйл болоогүй талаар Беттийн найзууд ярьсан аж. Герман бизнесменийг судалбал тийм ч бүтэлтэй эр биш байв. Залилан хийдэг жинхэнэ бүтэхгүй гаруудын нэг аж. Гэхдээ мөрдөгчтэй ярилцахдаа Беттай жирийн танилын харилцаатай байсан бөгөөд үзэсгэлэнт бүсгүйд ямар ч нөхцөлд хор учруулахгүй байсан гэдгээ хэлжээ. Беттийг алга болох үед тэрбээр хэдийнээ Герман руугаа буцчихсан байсан нь ч нотлогдов. Ингээд Герман бизнесмен ч сэжигтний тооноос хасагдах нь тэр.
Эрэл мухардалд орсон ч мөрдөгч болон алга болсон бүсгүйн гэр бүлийнхнийх нь найдвар үл тасрах аж. Цагдаагийнхан урьдын адил эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан алга гэсээр... Гэтэл нэг өдөр телевизээр нэгэн эмэгтэй алга болсон талаар мэдээлэн, харж үзсэн хүн цагдаагийн газартай холбоо барина уу гээд Беттай усны дусал шиг адил бүсгүй зургийг үзүүллээ. Бүсгүйг Розалио Гонсалес гэдэг ба Флорид мужийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож байсан үзэсгэлэнтэй эмэгтэй байв. Сураггүй болсон хоёр хэргийн хоорондоо төстэй байдал мөрдөгчийн анхаарлын хажуугаар өнгөрсөнгүй. Цуврал алуурчин байж болох юм гэсэн өөрийн таамгаас мөрдөгч айх шиг болов.
Разалио Гонсалес Флорид мужийн хамтын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Формула 1 гранпри”-ээс алга болсон байв. Розалио тэмцээний үеэр үргэлж олны нүдэнд ил байсан учир түүнийг дунд орчим насны нэгэн эртэй хамт машинд суугаад явсныг хүн болгон харжээ. Дээрх тэмцээн олон улсынх болохоор дэхийн өнцөг булан бүрээс хэдэн арван өндөр зэрэглэлийн жолооч нар ирдэг. Тэдгээр тамирчдыг судлах ажил багагүй хугацаа шаардах нь мэдээж. Гэтэл хоёр долоо хоногийн дараа өөр нэгэн аймшигт хэрэг гарлаа. Өөр нэгэн гоо бүсгүй алга болжээ. Энэ удаа Америкийн өмнө зүгт биш харин хойд бүст хэрэг мандаж. 1984 он Америкийн гоо бүсгүйчүүдийн хувьд аймшигт жил болсон аж. Эхлээд Флоридод, дараа нь Виржин, тэгээд Колорадо, Невада, цаашлаад Индиана, Техас гээд муж бүрээс гоо бүсгүйн хатад сураггүй болсоор... Розалио Гонсалес бүсгүй алга болсноос хойш хэдэн долоо хоногийн дараа сураггүй болсон гоо бүсгүйчүүдийн цогцос олдож эхлэв. Беттийн хэргийг мөрдөж байсан хувийн мөрдөгчийн цуврал алуурчны талаарх таамаг батлагдах нь тэр. Есөн гоо бүсгүйн цогцос олдов. Тэдгээр бүсгүйчүүдийн гарыг хүлж, янз бүрээр тамлан, эцэст нь хүчиндээд алсан байв. Гоо бүсгүйчүүдийн хэргийг ХМТ (Холбооны Мөрдөх Товчоо) мөрдөх болов.
Сэтгэл зүйн тодорхойлолтоор бол хэрэгтэн “би хамгийн мундаг нь, хүссэн болгоноо авахдаа авна” гэсэн үргэлж өөрийгөө бусдаас дээгүүр гэдгийг мэдрэх донтой нэгэн аж. Аллага яргалал сэтгэцийн гажигтай эл хэрэгтэнд байдаг л зүйл. Харамсалтай нь иймэрхүү гаж донтонгууд маш царайлаг, аядуу зөөлөн яриа хөөрөтэй байх нь элбэг аж. Эрлийг Розалио Гонсалесаа эхэлсэн байна. Яагаад гэвэл тэрбээр Беттээс хэдэн хоногийн өмнө алга болсон бөгөөд маш олон гэрчтэй хэрэг байлаа. Үүнээс гадна “Формула 1” тэмцээний үеэр хэвлэл мэдээллийнхэн багширсан байдаг. Хэвлэл мэдээллийнхэн хаана цугларна тэнд зурагчид байдаг. Тэгэхээр Розалиог зурагчид олон талаас нь авсан байж таараа. Хэдэн зуун гэрэл зураг цуглуулан ширхэг болгоныг анхааралтай судлав. ХМТ-хон энэ ажилд Беттийн хэргийг мөрдөж байсан хувийн мөрдөгчийг татан оролцуулсан нь маш зөв алхам байлаа. Тэдгээр зурагнуудыг үзэж суусан мөрдөгч “Энэ хүн. Энэ алуурчин мөн” гэж дуу алдан өндийв. Зурган дээрээс Беттийн хуучин найз залуу Крис Уалдерын царай тодрох нь тэр. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг яг энэ үеэр цагдаагийн газар руу нэгэн эмэгтэй утасдаад өөрийг нь хулгайлаад тамлан зовоож байсан эрэгтэйгээс арай гэж зугтсан тухай мэдэгдлээ. Мөрдөгчид хөөрхий эмэгтэйд сэжиглэдэж буй бүх хүмүүсийн зургийг үзүүлтэл тэрбээр ямар ч эргэлзээгүйгээр Крис Уалдерыг шууд заасан байна.
Крис Уалдерыг АНУ даяар эрэн сурвалжлах боллоо. Гоо бүсгүйн хатан хаан Бетт Кейноныг сураггүй алга болсноос хойш таван долоо хоногийн дараа мөрдөгчид гэмт хэрэгтний мөрөөр оров. Уалдер Канад руу зугтаж явах замдаа шатахуун түгээх станц дээр зогссон байна. Ойролцоо зогсож байсан эргүүлийн хоёр цагдаа түүнийг таниад машинаасаа буун Крис руу хоёр талаас нь ойртов. Эхний цагдаа ойртож очоод буугаа чиглүүлтэл Крис гэнэт бууг өөрийнхөө цээжинд тулгаад гохыг нь дарж орхих нь тэр. Тэрбээр ард нь тулж ирсэн цагдааг алахын тулд ийнхүү үйлдэл хийсэн аж. Цагдаа хэрэгтэн хоёр хоёулаа үхэтхийн унав. Крис Уалдер ахиж гоо бүсгүйг алаагүй. Харамсалтай нь олон асуулт хариултгүй үлдсэн аж. Үзэсгэлэнт Бетт хаана байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Нийт 12 гоо бүсгүй алга болсноос есийнх нь цогцос олдож, нэг бүсгүй азаар амьд гарч. Харин Бэтт Кейнон, Разалио Гонсалес хоёрын мөр олдоогүй бөгөөд хэрэг нь одоо ч гэсэн нээлттэй байгаа аж.