БНСУ-ын 13 иргэн манай улсаас их хэмжээний алт шулуун гэдсэндээ нууж хил давах гэж байгаад тагнуулынханд баригдсан билээ. Тэдний хоёр нь онгоцонд орж гурав орчим кг алтаа суудал дор нууж хил давуулсан бөгөөд тус улсын хууль хяналтын байгууллагынхан түүнийг нь хураан авсан юм.
Улмаар манай улс тус улстай Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу уг алтыг манайд шилжүүлэхээр болсон ч ирэхгүй байсаар таг чиг болсон.
Энэ хооронд тагнуулын байгууллага мөрдөн байцаалтаа дуусаж, прокурорт шилжүүлсэн бөгөөд алт ирэх хүртэл хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байсан юм. Харин саяхан Ганцхудагт хоригдож байсан 13 солонгосыг батлан даалтад гаргаж, улмаар тэд нутаг буцсан.
Энэ талаар НПГ-ын албаны хүн “БНСУ-ын 13 иргэний хэргийг хоёр улсын хооронд Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу тус улсын талд шилжүүлсэн.
Тиймээс тэд нутаг буцсан юм. Харин манай улсад тус улсын тал гурав орчим кг алтыг буцаан ирүүлснийг хуулийн дагуу Монголбанкинд тушаасан байгаа” гэв.