Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2010 оны есдүгээр сарын 22-нд “Танай улсын иргэн Б.Хурцыг Интерполын хуулийн дагуу Английн нутаг дэвсгэрт саатууллаа” гэсэн бичиг ирснээс хойш өдгөө долоон сар болж байна. Улс орон дамжуулан хүн хулгайлсан хэрэгт түүнийг буруутган, Германы тал Интерполоор эрэн сурвалжилж байсныг саатуулсны дараа бид мэдсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын анхан шатны шүүх хурал удаа дараа хойшилсны эцэст энэ оны хоёрдугаар сарын 2-нд болсон ч шийдвэрээ 17 хоногийн дараа танилцуулсан. Английн шүүгч Парди Б.Хурцыг Германы талд шилжүүлэх үү, эх оронд нь буцаах уу гэдгийг шийдэх учиртай байсан юм. Гэтэл шүүгч түүнийг ХБНГУ-д шилжүүлэх шийдвэр гаргасан.
ГХныдэд сайд Б.Болороор ахлуулсан Ажлын хэсэг, өмгөөлөгч Жонс, Мак Дональд нартай зөвлөлдөөд давж заалдах өргөдлөө хуулийн хугацаанд гаргасан боловч хоёр сар өнгөрөхөд давж заалдах шатны шүүх хурлын тов одоо хэр гараагүй байна. ГХ-ны дэд сайд Б.Болороос энэ талаар тодруулахад “Бид давж заалдах шатны шүүх хурлын тов гарлаа л гэвэл сэтгүүлчдэд шууд мэдээлэл хийнэ.
Гэхдээ ямар ч хэл чимээ ирдэггүй. Бидний тооцоолсноор өнгөрсөн гуравдугаар сард багтаан шүүх хурлын товыг зарлах байх гэсэн бодолтой байсан. Бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Б.Хурцын эрүүл мэнд хэвийн байгаа ч хүний газар, шоронд байх таатай байхгүй нь ойлгомжтой. Бид та бүхний адил шүүх хурлын товыг л хүлээж байна” гэв. ИБУИВУ-аас Улаанбаатарт суугаа ЭСЯ-ныхантай холбогдлоо.
Хэвлэлийн төлөөлөгч Р.Энхмаа бидний асуултад хариулсан юм.
-ЭСЯ-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох талаар мэдээлэл ирсэн үү. Өнгөрсөн сард шүүх хурлын тов зарлах ёстой ч одоо хэр нь нам жим байна?
-Бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Элчин сайд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, ямар нэгэн мэдээлэл өгөх учиргүй. ГХны дэд сайд Б.Болор болон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар энэ талаар мэдээлэл өгөх эрхтэй. Тэдэнд байгаа мэдээллээс илүү зүйл бидэнд байхгүй.
-Английн хуульд давж заалдах шатны шүүх хурлын товыг хэд хоногийн дотор зарлах ёстой байдаг юм бол?
-Манай хуулиас өөр л дөө. Английн хуулиар 3-6 сарын дотор гэж заасан байдаг.
Гэхдээ шүүхийн үйл ажиллагааг бид мэдэхгүй гэв. Олон улсын шүүхийн үйл ажиллагаанаас харахад давж заалдах шатны шүүх хурлыг хуульд заасан хамгийн сүүлийн хугацааны өмнөхөн шийддэг нь анзаарагддаг. Энэ байдлаас үзэхэд Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурлыг энэ оны наймдугаар сарын 18-ны дотор зарлах бололтой.
Х.Сүрэн