“Амар тайван, аюулгүй орчин” аяны хүрээнд өнгөрсөн баасан гаригт нийслэлийн бүх дүүргийн Цагдаагийн хэлтэс “Эргүүл” арга хэмжээ зохиосон.
Бүх нийтийг хөдөлгөж чадсан уг ажилд олон иргэд, аж ахуйн нэгж сайн дураараа нэгдэн, гарч болох гэмт хэргийг тодорхой хэмжээгээр бууруулж чаджээ. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны ажилтан, цагдаагийн ахмад Ч.Дунжидаас лавлахад “Жирийн өдөр манай дүүрэгт дунджаар 10-аад хэрэг зөрчил гардаг байсан бол энэ өдөр дөрөв болж буурсан нь сайн дурын эргүүлүүдийн ажлын үр дүн юм.
Энэ шөнө гэмт хэрэг үйлдсэн гурван хүнийг саатуулж, нэг хүнийг баривчилсан. Мөн зөрчил гаргасан гурван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хураалаа.
Баянгол дүүргийн 1060 иргэн хоёр цагаар ээлжлэн ажиллаж, хэв журам сахиуллаа. Цаашид энэ ажиллагааг бүх дүүрэгт сар болгоны нэг өдөр зохион байгуулна” гэлээ.
О.Намчин