ЦЕГ-ын МБА-наас гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Аба плюс” компанийн банкан дахь дансыг битүүмжилж, гадаадын 10 орон руу эрх зүйн туслалцааны хүсэлт илгээжээ. Европын 10 гаруй улс орноос тус компанийн данс руу 17 орчим тэрбум төгрөгийг байршуулсан гэнэ. Тус компанийн данс руу шилжүүлсэн мөнгө хууль бус, эсэхийг шалгахаар дээрх арга хэмжээг авсан байна. “Аба плюс” компанийнхан Монголд махны үйлдвэр байгуулахаар хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Тиймээс тус компанийн өмгөөлөгч данс хаасан, хэргийг шалгах ажиллагаа удааширч буй талаар прокурорын байгууллагад гомдол гаргав. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас энэ талаар тодруулахад “Аба плюс” компанийн өмгөөлөгч УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст гаргасан гомдлын дагуу хянаж байна. Хэрэгт уг компанийн дансанд гадаад улсаас шилжиж орж ирсэн, гарсан их хэмжээний мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг шалгаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг тогтоох ажиллагаа хийж байна. Тодруулбал, банк дахь дансыг нь битүүмжилж, арав орчим гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээсэн. Одоогоор хүсэлтийн хариунууд бүрэн ирээгүй байна. Гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээх, хариу ирүүлэх ажиллагаа нь нарийн процесс ажиллагаа байдаг тул цаг хугацаа их шаардагддаг юм" хэмээх хариултыг өглөө.