Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ченж Х, Б нар энэ сарын 14- нд сураггүй болсноос хойш долоо хоногийн дараа машиныг нь тус сумаас 10 гаруй км зайтай газарт шатаасан байхад нь олсон юм. Тэд 20 гаруй сая төгрөгтэй, багагүй хэмжээний ноолуур авч явжээ.
Цагдаагийнхан машинаас нь холгүй газраас шатаасан цогцсуудыг олсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өөр нэгэн эх сурвалж “Ченжүүдийг хэрцгийгээр бүрэлгэж, толгойг нь тасалсан байсан” гэж мэдээлсэн юм. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Хоёр ченжийг хөнөөж шатаасан байхыг олсон.
Гэхдээ зарим хүний хэлсэн шиг толгойг нь тасдаагүй. Уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр шалгаж байна. Мөрдөн байцаалт эхэлж байгаа болохоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ноолуурын ченж залуус ноолуур авахаар Увс аймгаас Баян-Өлгийд очсон аж.
Г.РАВЖАА