Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гаадаадаасс эх орондоо ирсэн иргэд, зарим төрийн албан хаагчдыг Улаанбаатар хот орчмын зочид буудал, амралтын газарт өнгөрсөн оноос эхлэн тусгаарласан билээ. 2020 оны аравдугаар сараас эхлэн дээрх төрлийн шалтгаантай иргэдийг тусгаарласан аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас төлбөрийг нь олгоогүй байсан юм. Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, амралтын газар, зочид буудлуудад төлөх ёстой 1.7 тэрбум төгрөгийн өрийн санхүүжилтийг олгохоор болжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд хоёр жил орчим сул зогсож, санхүүгийн хямралд өртөөд байгаа. Тиймээс цар тахлын үед ажилласан тодорхой аж ахуйн нэгжид төлбөрийг олгоно" гэв.