Өчигдөр буюу энэ пүрэв гарагт голын усанд осолдож, улмаар амиа алдсан гурван удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Төв, Дархан-Уул, Увс аймагт ес, 25, 41 настай иргэд усанд эндсэн байна. Тэдний хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд осолдсон болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт орших Ширээ нуруу гэх газарт байрлах хиймэл нууранд хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр 23.40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид дөрвөн километр замыг туулан 23.43 цагт очиход тус сумын харьяат 25 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хиймэл нууранд живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр 06.00 цагт эхлүүлсэн гэнэ.
Харин Увс аймгийн Өмнөговь сумын нутагт орших Сэрүүн нуурын усанд автомашинтай иргэн 22.00 цагт живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр 03.10 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан 04.00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн IX хорооны харьяат 41 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэж, нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.