Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяныг зохион байгуулж буй. 2016 оноос эл аяныг баруун бүсийн таван аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд байгальд тавьсан 640 гаруй хавхыг хураан авчээ.
Дээрх таван аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн "Эко" клубийн сурагчдаас гадна нутгийн иргэд эл хавхыг цуглуулсан гэнэ. Хураан авсан хавхыг Говь-Алтай аймагт төвлөрүүлж, төмрийг нь ховор амьтны хөшөө, баримал хийхэд ашиглаж байгаа аж. Тодруулбал, ирвэс, гүем, сандал зэрэг төмөр бүтээлүүдийг хийлгэн үлдсэн 175 хавхыг устгалд оруулсан байна.
Ташрамд дурдахад, байгальд тавьсан нэг хавх жилд дунджаар 10 зэрлэг амьтан, малыг гэмтээдэг болохыг судалгаагаар тогтоожээ.