Токиогийн энэ удаагийн олимпын наадам Бермудийн арал, Филиппин улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр онцгой болж байна. Учир нь тус хоёр улс зуны олимпын наадмын анхны аваргуудаа “өлгийдөж” авсан юм.
• Даваа гарагт Филиппиний хүндийг өргөлтийн тамирчин Хидилин Диас 55 кг-д аваргалсан. Тэрбээр зүгээр ч нэг тэргүүн байрт орсонгүй, нийлбэрээр 224 кг-ыг (огцом 97 кг болон түлхэлттэй өргөлтөөр 127 кг) өргөж, олимпын шинэ дээд амжилт тогтоожээ.
Түүнийг алтан медаль хүртэхээс өмнө Филиппиний тамирчид гурван мөнгө, долоо хүрэл медаль авсан амжилт үзүүлээд байв. Х.Диасын хувьд эх орондоо бус, Малайзад хөл хорионд орсны улмаас бэлтгэл хийх боломжгүй болсон ч модны үзүүрт таван литрийн усны сав бэхлэн бэлтгэлээ базааж байжээ. Тиймээс алтан медаль өөрт нь тун үнэ цэнтэй хэмээн ярьсан байна.
• Триатлоны дэлхийн хошой аварга, Бермудийн арлын тамирчин Флора Даффи улсынхаа анхны алтан медалийг мөн даваа гарагт хүртэв. Тэрбээр 1.5 км зайг сэлж, 40 км-ийг зайг дугуйтай, 10 км-т гүйж, нийт замаа туулахдаа нэг цаг, 55 минут, 36 секунд зарцуулсан нь Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулахад хангалттай байжээ. Боксчин Кларенс Хилл 1976 онд хүрэл медаль хүртсэн нь тус улсын түүхэнд олимпын хамгийн анхны медаль байсан юм.
Дээрх хоёр тамирчны бахдам амжилттай зэрэгцээд ямар улс зуны олимпын наадмаас алтан медаль огт хүртэж байгаагүйг сонирхуулъя. Олимпын наадмаас нийт 70 улс огт медаль аваагүй байгаа бол 39 орон зөвхөн мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Өөрөөр хэлбэл, 109 улс олимпын аваргагүй (одоогоор) юм.
Ингээд зуны олимпын наадамд хамгийн олон удаа (багадаа 13 удаа) оролцсон боловч алтан медаль огт хүртээгүй улсуудын талаарх тоон мэдээлэл хүргэе. Эдгээрээс гадна зуны олимпын наадамд 13-аас цөөн удаа оролцсон ч алтан медаль хүртээгүй 26 улс бий.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар