Гадаадад зорчих иргэдийг 24-48 цагийн дотор PCR шинжилгээнд хамруулах шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Учир нь гадаадын орнууд бусад улсын иргэдийг хүлээн авахдаа шинжилгээний бичиг зайлшгүй шаардаж байгаа аж. Тэгвэл монголчууд олноор зорчдог БНСУ гадаадаас ирэх хүмүүст 72 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьсныг тус улс дахь манай Элчин сайдын яамнаас мэдээлэв. Тодруулбал, Өмнөд Солонгост зорчих виз авсан, зургаагаас дээш настай бүх хүн PCR шинжилгээнд хамрагдах бөгөөд хариу нь англи, эсвэл солонгос хэлээр байх ёстой. Шинжилгээний бичиггүй тохиолдолд хил нэвтрүүлэхгүй аж.
Тус улсад богино хугацаанд зорчих визтэй иргэд 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлах байрны төлбөр нь өдрийн 110 000-150 000 вон юм байна. Хэрэв оршин суух тодорхой хаягтай хүн онгоцны буудалд ирж, батлан дааж авбал гэрээр 14 хоног тусгаарлагдах боломжтой. Удаан хугацаанд оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан бол гэртээ 14 хоног тусгаарлагдах нь. Мөн ДЭМБ-аас ашиглахыг зөвшөөрсөн “Пфайзер”, “Модерна”, “АстраЗенека”, “Ковишиелд”, “Синофарм”, “Синовак” зэрэг вакцины хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой юм байна. Үүний тулд Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт гаргах шаардлагатай гэнэ. Цар тахлаас шалтгаалж тус улс хязгаарлалтын дэглэмээ өөрчилж болзошгүй тул иргэд зорчихын өмнө нөхцөл байдлыг тодруулахыг БНСУ дахь Элчин сайдын яамнаас зөвлөлөө.