Глеб Фетисовын нэрэмжит эрэн сурвалжлах сэтгүүл зүйн III уралдаанд нэр дэвшүүлэх бүтээлүүдийг хүлээн авч эхэлжээ. Шударга ёс, эр зориг, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг дэлхийн өнцөг булан бүрийн гарамгай сэтгүүлчдийн жишээн дээр сурталчлах, энэ салбарын боловсон хүчнийг цоо шинэ түвшинд бойжуулах, сэтгүүл зүйн шинэ эрэлт хэрэгцээг хангах зорилготой уг уралдааныг дөрвөн төрлөөр дэнсэлж, тус бүрт шилдгүүдийг шалгаруулдаг. Тодруулбал, энх тайвны үйл хэрэгт болон иргэний эрхэд оруулсан хувь нэмэр, эрэн сурвалжлах ба байгаль орчны талаарх сэтгүүл зүйн бүтээл гэсэн дөрвөн төрөлд дэлхийн өнцөг булан бүрээс өрсөлдөх сэтгүүлчдийн бүтээлийг англи хэлээр хүлээн авдаг аж. Дөрвөн төрөл тус бүр гурван байртай бөгөөд ангилал болгоны тэргүүлэгч нь 100 мянга, удаах нь 20 мянга, гуравдугаар байрынх нь 10 мянган швейцар франкийн шагналтай.
Ташрамд өгүүлэхэд, Фетисовын нэрэмжит эрэн сурвалжлах сэтгүүл зүйн II уралдааны шилдгүүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Швейцарын Цюрих хотод зарласан юм. Үүнд 77 орны сэтгүүлчид 282 нийтлэлээ илгээсэн бөгөөд уралдааныг дэнслэх олон улсын шинжээчдийн багт Монголоос анх удаа “Глоб интернэйшнл төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал уригдан ажилласан талаар бид мэдээлж байсан.
Бэлтгэсэн Э.Хана