Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд манай улсын цагдаагийн байгууллагын долоон алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болжээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр нийт 19 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Манай алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд томилогдож, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр, амжилттай гүйцэтгэснийг НҮБ-аас өндрөөр үнэлж, уг ажиллагаан дахь Монгол Улсын цагдаагийн ажилтны орон тоог найм болгон нэмэгдүүлсэн аж. БНӨСУ-д одоогоор нэг алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.
Дэлхийн энхийг дэмжих 12 ажиллагаанаас цэрэг, цагдаагийн хүч, төсөв, хамрах хүрээгээрээ томоохонд тооцогдож буй UNMISS нь БНӨСУ 2011 онд тусгаар тогтносноос хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр явагдаж эхэлсэн түүхтэй. Үүнд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэснээр цагдаагийн албаны удирдлагуудын итгэл, хүндэтгэлийг хүлээж, орон тоогоо нэмэгдүүлж чадсан төдийгүй Монголын алба хаагчдын ур чадварыг өндрөөр үнэлүүлсэн байна.
Бэлтгэсэн Б.Анх