БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй Тяньжин хотод албан ёсны хэлэлцээ хийлээ. Сайд нар Монгол, Хятадын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэдэгт талууд санал нэгдэж, хоёр улсын Төрийн тэргүүн, парламент, Засгийн газрын удирдлагууд утсаар ярьж, олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэсэн юм. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа хийх, парламент болон ГХЯ хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохион байгуулахад санал нэгдэв.
“Ковид-19” цар тахлын эсрэг хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр тал санал нэгдэж, цаашид улам бэхжүүлэх хамтарсан мэдэгдэл гаргалаа. “Цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “ногоон гарц”-ын түр журмыг бүрэн хэрэгжүүлэн, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх” талаар мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авснаар Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг хоёр улсын боомтоор нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, нүүрс худалдан авах урт хугацааны гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийг нь шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар сайд нар тохиролцов.
Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ялангуяа баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллах боллоо. Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтсон юм. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар болов. Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын мэдээллийн солилцоог шуурхай болгож, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахад талууд санал нэгдлээ. Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протоколд гарын үсэг зурж, Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг сайд нар тэмдэглэсэн юм.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа талууд тэмдэглээд, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиулж, иргэдийг харилцан зорчуулах ажлыг үе шаттайгаар сэргээхээр тогтлоо. Монгол оюутнууд БНХАУ-д очиж, танхимаар үргэлжлүүлэн суралцуулах талаар Хятадын тал нааштай судлан үзэхээ хэлсэн байна.
Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.