Манай улсад коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр, төрлийн, 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөц бий аж. Мөн вирусийн эсрэг эмийн гурван тэрбум төгрөгийн нөөц байгаа гэнэ. Нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ачсан тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр хил нэвтрүүлэхийг Засгийн газраас өчигдөр Замын-Үүдийн боомтынхонд даалгалаа. Түүнчлэн иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бусад бараа, бүтээгдэхүүнийг ийм маягаар саадгүйгээр хил нэвтрүүлэх аж. Үүнээс гадна эдийн засгийн болон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад ч бараа, бүтээгдэхүүнээ саадгүй оруулж ирэх боломж олгожээ. Ташрамд дурдахад, манай улс одоогоор коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн 5 226 670 тун вакцин татан авчээ. Өчигдрийн байдлаар улсын хүн амын 66.2 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн гэнэ. Мөн 60.1 хувь нь хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна.
Бэлтгэсэн М.Оч