Энэ сард манай орны ихэнх нутгаар хур тунадас их хэмжээгээр орж, зарим газар үерийн аюул нүүрлээд байсан. Тэгвэл ирэх сарын цаг агаарын нөхцөл байдал хэрхэх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тус газрын судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн инженер Ш.Тэргэл "Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар агаарын температур дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Дээрх дурдсан бүс нутгаар хур тунадас бага орох бол төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн зүгийн баруун хэсгээр ахиу олохоор төлөв ажиглагдсан. Харин бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээнд байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас олон жилийн дундаж утга гэдгийг 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үзнэ хэмээн заасан байдаг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж болно.
- Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор,
- Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
- Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
- Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.
Харин баруун аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С градусаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31 градуст хүрч дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. . Борооны өмнө салхи зарим газраар 12–14, зарим үед түр зуур 16-18 метрт хүрч ширүүсэж болзошгүй
Тэгвэл төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25-29 градуст хүрч халахаар төлөвтэй байгаа юм. Зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсэж зарим газраар 12-14, түр зуур 16-18 метрт хүрч ширүүсэж болзошгүй. Говийн аймгуудын нутгаар мөн адил дуу цахилгаантай бороотой" гэв.