Зуны Олимпын наадам зохиогдож байгаа Токио хотод өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 2848 тохиолдол шинээр бүртгэгдэж сүүлийн зургаан сарын дээд хэмжээг үзүүлжээ. Энэ талаар Токиогийн засаг захиргааны мягмар гарагт гаргасан статистик мэдээлэл өгүүлж байна.
Долоо хоногийн өмнө тус бүс нутагт 1300 гаруй тохиолдол илэрч байсан бол одоо энэ тоо даруй мянгаар илүү гарах болов.
Эл тоо баримтын талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Норихиса Тамура тайлбарлахдаа "Коронавирусмийн “дельта” хувилбар давамгайлах болсон. Тиймээс эл бүс нутагт халдварын тохиолдол өсөх болсон шалтгаан нь вирусийн дээрх онцлогтой холбоотой хэмээн би бодож байна” гэжээ.
Токио хотод цар тахлын нөхцөл байдал муудсаны улмаас долдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн онц байдлын горимд байгаа юм. Энэ шалтгааны улмаас Японы нийслэлд болж байгаа Олимпын наадам үзэгчгүй болж байгаа билээ