Дэлхийн бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмыг өнөө жил Япон улсад зохион байгуулж буй. Өнгөрсөн онд зохион байгуулах ёстой байсан эл наадмыг дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хойшлуулж, энэ онд хийгээд байна. Олимпыг зохион байгуулагч оронд коронавирусийн нөхцөл байдал ямархуу байгаа талаар манай улсаас Токио хотод суугаа Элчин сайд Д.Батжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Долдугаар сарын 23-ны байдлаар Япон улсын 862.855 иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Мөн өдөр 4225 шинэ тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас бараад байна. Ингэснээр коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 15.129-д хүрлээ. Өдгөө Япон улсын нийт хүн амын 35 хувь нь вакцины нэг, 23.1 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн учир 159 улсад хилийн хорио тогтоосон. Мөн ирэх сарын 22-н хүртэл онц байдал зарлаад буй" хэмээв.