Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог Гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг угтан ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, уг өвчний олон улсын дунджийг зургаа дахин давсан. Энэ төрлийн хавдрын 95 гаруй хувь нь В, С вирусийн халдвараас үүдэлтэйг судалгаагаар тогтоогоод буй. Тиймээс вируст гепатитын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх, эрсдэлээс хамгаалах чадамжтай болгох, аливаа өвчнийг эрт үед нь илрүүлж, оношлохын ач холбогдлыг таниулахад анхаарч ирсэн. Энэ удаа “Гепатит … хүлээхгүй” уриа дэвшүүлэн, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулна” гэв.
Ийм халдвартай хүн дэлхий дахинд 325 сая бий бөгөөд жилд дунджаар 1.4 сая нь уг өвчнөөс үүдэлтэй элэгний өмөн, хатуурал, хорт хавдраар нас бардаг гэнэ. Харин манай улсад элэгний В, С вирусийн архаг халдвартай 400 000 хүн байгаа аж.