АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман Хятадад албан ёсны айлчлал хийж, Цагаан ордны засаг захиргаа солигдсоноос хойш тус улсад очсон Америкийн хамгийн өндөр албан тушаалтан боллоо. Илэрхий хурцаар сөргөлдөж буйгаас шалтгаалан АНУ болон Хятад дипломат арга хэмжээ ховорхон зохион байгуулсан нь мөргөлдөөнөөс сэргийлэх учиртай юм. Өнгөрсөн гуравдугаар сард Аляскийн Анкориж хотод болсон уулзалт бүтэлгүйтсэний дараа Бээжинтэй яриа хэлэлцээгээ сэргээх замаар АНУ-ын засаг захиргаа хоёр орны дээд хэмжээний анхны уулзалт зохион байгуулж магадгүй. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ирэх аравдугаар сард Италийн нийслэл Ром хотод болох “Их-20”-ийн уулзалтын үеэр хэлэлцээ хийхийг үгүйсгэх аргагүй юм.
Уэнди Шермантай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игтэй уулзсан. Үүнээс гадна БНХАУ түүнтэй дипломат төлөөлөгчдийг хүлээн авдаг Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчээ бус, мөн дэд сайдын албан тушаалтай Се Фэнийг уулзууллаа. Тэд Тяньжин хотод уулзаж, яриа хэлэлцээгээ хэвийн болгох оролдлого хийв.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт БНХАУ-ын ГХЯ Америкийн долоон улстөрч, байгууллага, хүний эрхийн төлөө тэмцэгчийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Хонконгийн ажил хэргийн орчныг АНУ үндэслэлгүйгээр харлуулж, тус бүс нутгийн түшмэдийн эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Бээжин тийм алхам хийжээ. Үүний өмнө энэ сарын 16- нд АНУ Хонконгийн байдлын улмаас Хятадын долоон албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авсан аж.
Тяньжинд болсон уулзалтын үеэр Уэнди Шерман Тайванийн хоолой, Дорнод болон Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын явуулж буй ажиллагаа, Шинжаан-Уйгурын өөртөө засах орны хүний эрхийн асуудлыг хөнджээ. Мөн Бээжин ДЭМБ-тай хамтран ажиллаж, коронавирусийн гарал үүслийг дахиж судлахыг хүсэхгүй байгаад сэтгэл түгшиж буйгаа Тэгвэл хориг арга хэмжээ нэмж авахад чиглэсэн АНУ-ын харилцаа Бээжинд огт таалагдахгүй байгааг Се Фэн Уэнди Шерманд мэдэгджээ. “Өрсөлдөөн, хамтын ажиллагаа, сөргөлдөөн” гэсэн зарчим Хятадын хөгжлийг тогтоон барих бодлогыг зөвтгөх зорилготой заль мэх юм” гэж тэрбээр хэлсэн байна. “Хятадаас тусламж хүсэх үед хамтран ажиллах хэрэгтэй. Гэтэл Хятад давуу талтай салбарт АНУ харилцаагаа тасалж, хориг арга хэмжээ авдаг. Хятадын хөгжлийг тогтоон барихын тулд америкчууд мөргөлдөөн, сөргөлдөөнөөр зогсдоггүй. Тэд зөвхөн АНУ-ын асуудлыг шийдэхийг, өөрсдийн талд хэрэгтэй үр дүнд хүрэхийг бодож, ашгийг дангаар хүртэхийг хүсдэг. Өнөөгийн ертөнцөд ийм байж болох уу” гэж Се Фэн мэдэгджээ. Түүний хэлснээр албадлагын дипломат ажиллагааг зохион бүтээгч, патент хийгээд оюуны өмчийн эрхийг эзэмшигч нь ганц АНУ юм.
Үүний сацуу Хятадын Коммунист намын гишүүд, тэдний гэр бүлийнхэнд тавьсан визийн хязгаарлалт, тус улсын удирдагчид, албаны хүмүүс, Засгийн газрын байгууллагуудад авсан хориг арга хэмжээ, оюутнуудын эсрэг визийн хязгаарлалтаа цуцлахыг Се Фэн хэлэлцээний үеэр Уэнди Шерманаас шаарджээ. Тэрчлэн АНУ дахь Хятадын компаниуд, Күнзийн төвүүдэд дарамт шахалт үзүүлэхээ болихыг Бээжин хүссэн байна. Тэрчлэн АНУ-д ажиллаж буй Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиглагсдыг гадаад ажилтны хувиар заавал бүртгэдгээ болих, “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоуг Канадаас АНУ руу албадан гаргахыг шаардахаа болихыг хүссэн гэнэ. Тийнхүү Тяньжиний уулзалт харилцан биенээ буруутгасан арга хэмжээ болсон ч Анкорижийнх шиг дуулиан дэгдсэнгүй.