Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн олимпын наадмын нээлтэд оролцоод буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй өчигдөр уулзлаа. Сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц өндөр дээд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
Талууд “Ковид-19” цар тахлын өнөөгийн хүнд нөхцөлд нягт хамтын ажиллагаа нэн чухал байгаад санал нэгдэж, халдварыг даван туулахад чиглэсэн мэдлэг, туршлага, мэдээллээ хуваалцахаар тохиролцсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, халдварын эсрэг тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн цар тахлын үед БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг вакцинжуулалтад хамруулахад дэмжлэг хүслээ.
Хичээл сургуулийн үйл ажиллагааг яаж зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэн, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, “Ковид-19” цар тахлын дараа ард иргэдийг энгийн амьдралд аль болох түргэн эргэн оруулах чиглэлд БНСУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар сайд Л.Оюун-Эрдэнэ сонирхож мэдээлэл авав. БНСУ дахь дельта вирусийн тархалт, дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээний талаар мөн хөндөн ярилцлаа.
Ерөнхий сайд Ким Бү Гём Монголын ард түмэнд ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргээд, манай оронд зургаан жилийн өмнө ирж, байгалийн үзэсгэлэнт тал нутагтай танилцаж байсан дурсамжаасаа хуваалцсан юм. Тэрбээр Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгалийг солонгос жуулчид олноороо очиж үзээсэй гэж хүсэж байгаагаа хэлэв. Түүнчлэн БНСУ-ын талаас дэвшүүлсэн Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга болон Шинэ Умардын бодлогыг Монголын Засгийн газар дэмжиж байгаад талархал илэрхийллээ. Цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам, тээвэр, эрчим хүч, ложистикийн салбараа хамтран хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын дэвшүүлсэн бүс нутгийн санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлж, санал солилцов.
Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын “Эксим” банкны ерөнхийлөгч болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын корпорацуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.