Олон Улсын далай тэнгисийн байгууллагаас улс орнуудын далайн тээвэр, хөлөг онгоцнуудын аюулгүй байдлын 2010 оны чансааг энэ сарын 12-нд гаргасан байна. Аюулгүй байдлаар нь улс орнуудыг хар, саарал, цагаан гэсэн гурван хэсэгт хуваасан бөгөөд манай орон Ливи, Того, Египет, БНАСАУ, Сири улсуудтай хамт хамгийн аюултай хар хэсэгт багтжээ.
Хэдийгээр манай орон далайн флот байхгүй ч Монголын далбаатай онгоц өнгөрсөн жил хэрэг төвөгт орох нь ихэссэнтэй холбоотой нь гарцаагүй. Харамсалтай нь манай далбаатай хөлөг онгоц дахиад л хэрэгт оржээ. “Энэ сарын 10-нд ОХУ-ын Владивосток хотын боомтонд орж ирсэн Монголын далбаатай “Бризи” хөлөг гаалийн мэдүүлэгт дурдаагүй бараа нууцаар хил нэвтрүүлэх гэж оролдоод саатуулагдлаа” хэмээн ОХУ-ын “Восток медиа” агентлаг мэдээлжээ.
Японоос хуучин машин зөөж байсан энэ онгоцны нууц өрөөнд 260 ширхэг согтууруулах ундаа, мотоциклийн сэлбэг хэрэгсэл болон хөгжмийн зэмсгүүд нуусан байсан нь илэрсэн гэнэ.
С.Од