Авто тээврийн болон Замын цагдаагийн газраас улс хооронд зорчигч тээвэрлэдэг 46 аж ахуйн нэгжийн 800 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж багагүй зөрчил илрүүлжээ. Тухайлбал, аж ахуйн нэгж албан татвараас зайлсхийхийн тулд тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн оныг өөрчилж, арлын дугаарыг сольдог аж.
Олон жил болсон тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулдаг, 12-оос дээш настайг нь үйлчилгээнээс хасдаг. Үүнээс зугтах зорилгоор зохион байгуулалттайгаар ийм гэмт хэрэг үйлдэх нь гаарсныг Авто тээврийн газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Баясгалан ярилаа.
Олон хүний амь нас хариуцан, замын хөдөлгөөнд оролцдог том оврын 168 автобусны 100 орчмынх нь жолооч гаальд худал мэдүүлэг өгч, үйлдвэрлэсэн оныг нь засварлан хилээр нэвтрүүлсэн байх юм. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
О.Халиун