Он гарсаар Налайхын нүүрсний уурхайд 10 орчим хүн шороонд даруулж нас барсан. Өнгөрсөн сард л гэхэд 24-32 насны долоон залуу 16-хан цагийн дотор золгүйгээр амиа алдсан юм. Гэтэл уржигдар 09.00 цагийн үед Налайх дүүргийн III хорооны нутагт байрлах иргэн Н-ийн эзэмшлийн уурхайн цооногт осол гарч, дахин нэг хүн хорвоогоос оджээ. Энэ талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Х.Дамжингаас тодрууллаа.
-Ямар шалтгаанаар хүн амиа алдав. Хэдэн настай хүн байсан юм бэ?
-25 настай эрэгтэй Э уурхай агаартай байгаа эсэхийг шалгалгүй шууд орсны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан. Талийгаач Говь-Алтай аймгаас хамаатныхаа уурхайд ажиллахаар ирсэн юм билээ.
-Цооног агаартай эсэхийг хэрхэн шалгадаг юм бэ?
-Ямар ч тохиолдолд сайтар шалгаж байж орох ёстой. Талийгаач агааргүй орчинд хэрэглэх зориулалтын баггүй байснаас ийм эмгэнэлт явдал боллоо гэв.
С.Аз