АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Афганистаны байдлыг хэлэлцэхээр Энэтхэг, Кувейтэд айлчилж байна. Талибууд эрчимтэй давшиж буй энэ үед АНУ Афганистаны Засгийн газрыг дэмжих, Кабулыг босогчдод эзлэгдэхээс сэргийлэхийн тулд өрнө, дорнын холбоотнуудаа дайчилж байгаа юм. Тус бүс нутагт АНУ Энэтхэгт гол найдлагаа тавьж буй. Сөргөлдөгч Пакистаны ивээн тэтгэдэг талибууд хүчээ авах нь Энэтхэгт маш аюултай аж. Талибууд хяналтдаа авсан Афганистаны хилийн бүс нутагт Пакистаны цэргүүд хэдийн орсон тухай Төрийн нарийн бичгийн дарга айлчлалынхаа өмнө мэдэгджээ.
Энтони Блинкен Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш анх удаа Шинэ Делид айлчилж буй бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Гадаад хэргийн сайд Субраманиям Жайшанкар нартай уулзана.
2001 онд талибуудын дэглэм унасны дараа Шинэ Дели Кабулыг дэмжихэд гурван тэрбум доллар зориулсан нь АНУ-ын хэмжээнд хүрэхгүй ч хөрш аль ч улсынхаас илүү тусламж болжээ.
Цэрэг болон босогчид нэвтрэхээс сэргийлж Афганистантаай залгаа хил рүүгээ цэрэг илгээснээ Пакистаны Дотоод хэргийн сайд Шейх Рашид Ахмед мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр Афганистанд болж буй мөргөлдөөнийг тус улсын дотоод хэрэг бөгөөд Исламабад хэний ч талд орохгүй гэсэн байна. Пакистаны үйлдлийг Кабулын эрх баригч дэглэм унасан тохиолдолд гол түшиг нь болох талибуудыг дэмжсэн идэвхтэй үйлдлийнх нотолгоо гэж Энэтхэгийн тал үзэж буй аж.
Э.Блинкений айлчлалын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Афганистаны Төрийн тэргүүн Ашраф Ганитай утсаар ярьжээ. Үүний дараа хийсэн Цагаан ордны мэдэгдлээс үзвэл “Талибан” давшсаар байгаа нь мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийж, зохицуулах тухай тус хөдөлгөөний мэдэгдэлтэй шууд зөрчилдөж байна. АНУ Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхнийг үргэлжлүүлэн дэмжихээ Ж.Байден утсаар ярихдаа нотолжээ.