Коронавирусийн эсрэг эмийн бүртгэл, нөөц, хангамж, чанар, үнэд хяналт тавих үүрэгтэй ажлын хэсгийг Шадар сайдын тушаалаар байгуулсныг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв. Уг ажлын хэсгийнхэн вирусийн эсрэг, ялангуяа “Ковид-19”-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүдийн чанарт хяналт тавихын зэрэгцээ хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Түүнчлэн цаашид эмийн нэр, төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд олон улсад коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа гурван төрлийн эмийг импортлохоор холбогдох байгууллагынхантай яриа хэлэлцээ хийж буй аж. Ингэснээр эмийн нөөц хангалттай бүрдэж, үнэ тогтворжих боломжтой гэж үзжээ.