Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, мэндчилгээ ирүүлсэн гадаадын орнуудын парламентын спикерүүдэд гишүүд, ард түмнийхээ өмнөөс УИХ-ын дарга Г.Занданшатар чин сэтгэлийн талархал илэрхийлж, хариу илгээлээ. Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Милош Вистрчилд хариу талархал илэрхийлэв. Тэрбээр талархалдаа “Манай хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын тогтвортой хамтын ажиллагаа нь Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Бидний хүчин чармайлт хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт би итгэл төгс байна” гэжээ.
Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал Томаш Гродзкийд илгээсэн хариу мэндчилгээндээ хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагууд үр бүтээлтэй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд, эрүүл энх, сайн сайхныг ерөөж, ажилд нь амжилт хүссэн юм. Украин Улсын Дээд Радагийн дарга Дмитрий Разумковт хариу мэндчилгээ илгээж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж, Монгол, Украины уламжлалт, найрсаг харилцаа, салбар бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй буйгааилэрхийлсэн байна.
Бэлтгэсэн Б.Анх