Хүн төрөлхний эв нэгдлийн баяр Японы Токио хотноо дөрөв дэх өдрөө үргэжилж буй. Өнөөдөр олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна. Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар маань урамтай сайхан барилдлаа. Шөвгийн 4-т үлдсэн Цогтоогийн өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Японы Оно байв. Цогтбаатарын хувьд Японы домогт аваргатай анх удаа таарч буй нь энэ юм. Манай бөх Шохэй Онод базари үнэлгээгээр ялагдлаа.
Тэрбээр эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан.
Цогтоо Гжаоватай өмнө нь 3 таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч, Цогтоо ялж байв. Ц.Цогтбаатар нэмэлт цагт шийдсэн үүрэх мэх хийж ялснаар хагас шигшээд шалгарсан юм.
Ц.Цогтбаатар одоо хоёр барилдааны дараа хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тодорхой хэлбэл, Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдана. Тэд өмнө нь хоёр удаа барилдаж байв. Эхлээд 2019 онд Абу Дабигийн Их дуулгад Маргелидон манай бөхийг ялсан. Сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн Их дуулгын финалд манай Цогтоо ялж аваргалсан билээ. Энэ удаа хэн нь олимпын медальтай үлдэх вэ гэдгийг шийдэх чухал барилдааныг Токиогийн татамид хийх гэж байна.