Олимпод оролцож буй 3х3 сагсны шигшээ багийн охид маань өнөөдөр зургаа дахь тоглолтоо Францчуудын эсрэг хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдлөө. Монголын тал Францын шигшээ багтай ач тач сайн үзэж, нэг илүү оноо авч, нөгөө гүйцэгдэж үзэгч түмнээ догдлуулав. Гэсэн ч бэртэл гэмтэл манай тамирчдын тоглолтод нөлөөлж буй нь илт байлаа. Улмаар 18:22-оор Францын багт хожигдлоо.
Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм. Энэ олимпын наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид маргааш 12.55 цагт энэ удаагийн олимпын сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.