АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман манай улсад уржигдраас албан ёсны айлчлалаа эхлүүллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар орлогч Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг бямба гарагт хүлээн авч уулзав. АНУ-ын үе үеийн засаг захиргаанаас Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах болон тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “2011 онд УИХ Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Монгол Улсын гадаад харилцааны бодлогод АНУ-ыг гуравдагч хөрш гэж үүнд тусгасан, дотнын түнш орон гэж бид үздэг бөгөөд хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Хоёр улс ардчилсан ёс, хууль дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй” хэмээв. Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглэхэд таатай байгаагаа Г.Занданшатар дарга онцолсон юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман Монгол Улсын гуравдагч хөрш байгаад талархаж буйгаа илэрхийлээд, “Япон, БНСУ-д айлчлал хийснийхээ дараа танай улсыг зорьж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улс бол залуу хүн амтай, ардчилсан орон. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий” хэмээв. УИХ-ын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш”, стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Үүний хүрээнд бид эдийн засгийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхэд бэлэн. АНУ-ын Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг баталбал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын эргэлтэд томоохон дэмжлэг болно” гэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден үүрэгт ажилдаа орсны дараахан ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан гадаад бодлогыг эрхэмлэн, ардчилсан орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, эв нэгдлээ дахин бататгахыг тэргүүлэх зорилтоо болгон дэвшүүлж, үүний хүрээнд Ардчиллын төлөөх дэлхийн дээд түвшний уулзалт зохион байгуулна гэж мэдэгдсэн. Энэхүү санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм. Талууд ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, нийгэм болон хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны хүмүүс байлцав.
Дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шермантэй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин уулзлаа. Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-аас өндөр түвшний төлөөлөгч айлчилж байгаа нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Монгол залуусын АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг орлогч Уэнди Шерманд тавив.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейд хүлээн авч уулзсан юм. Монгол Улс Соёлын яамаа байгуулснаар бусад оронтой туссалбарын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж бүрдэж, Соёлын болон Кино урлагийг дэмжих хуулийг батлан эрх зүйн шинэчлэл хийсэн талаар танилцуулав. Тухайлбал, АНУ-ын уран бүтээлчид Монгол Улсад ирэх бол хөнгөвчилсөн виз мэдүүлэх, татварын хөнгөлөлт эдлүүлэх боломжтойг хэлсэн юм.
Бэлтгэсэн Б.Нандин