Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт өчигдөр аадар бороо орсны улмаас уруйн үер бууж, зургаан хүн амиа алджээ. Тухайбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын “Ногоо булгийн гол” гэдэг газарт уруйн үерт гурван хүн, нэг хүүхэд урссан байна. Тодруулбал, тус аймгийн онцгой байдлын алба хаагчид үерт урссан иргэдийг хоёр цаг хайсны эцэст 20 настай иргэн “З”, 58 настай иргэн “Х”, 62 настай иргэн “С” болон долоон настай “С” нарын цогцсын олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
Мөн тус аймгийн Чандмань сумд ачааны автомашинтай нэг хүн энэ сарын 24-нд үерийн усанд урссан тухай дуудлагыг албаныхан 22:12 цагт хүлээн авч, 25-ны өдөр 59 настай жолооч “Ц”-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ
Ташрамд дурдахад, Өмнөговь аймагт үерийн улмаас нэг гэр, байшин үерт автаж, 14 автомашин урссан бөгөөд Дорноговь аймагт нийтийн орон сууцны дөрвөн барилгын орц, хоёр гэр, таван байшин, нэг хүнсний дэлгүүр үерийн усанд автсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.