Токиогийн Олимпын нээлтийн ёслолоор хагас нүцгэн цээжээ гялалзтал тосолж улсынхаа далбаа барьж явсан Тонга улсын улсын тамирчныг Пита Тауфатофуа гэдэг. Тауфатофуа бол таеквондогийн тамирчин. Мөн Тонга улсын хамгийн алдартай хүн юм. Анх тэрбээр 2016 оны Олимпын нээлтээр нүцгэн цээжээ наргил модны тосоор тослон улсынхаа далбааг барьж явсан юм. Дараа нь 2018 оны өвлийн Олимпоор ч мөн адил энэ л дүр төрхөөрөө улсаа төлөөлж алхсан. Энэ байдлаа Тауфатофуа “Ихэнхдээ хүмүүс биеийнхээ тэгш хэм хэмжээг тодотгох гэж наргил модны тосыг их хэмжээгээр биедээ түрхдэг. Нөгөө талаасаа энэ нь өвөг дээдсийн харьяаллыг илтгэдэг" хэмээн тайлбарлажээ.
2018 оны Олимпд оролцохын тулд Тауфатофуа спортын шинэ төрлийг тусгайлан судалжээ. Тэрээр цанын гүйлтийн төрлийг сурч, 15 км-ийн чөлөөт гүйлтээр оролцсон байна. Тэгээд 119 боломжит байрны 114-т оржээ. "Би медальт байранд орохгүй, гэхдээ дөрвөн жилийн дараа Тонгагийн өөр нэг тамирчин медальт хүрч магадгүй" гэж Тауфатофуа өөрийн үзүүлэлтийн тухай ярьж байжээ.
Тауфатофуа мөн спортын өөр нэг төрлөөр хичээллэхээ тэгэхэд мэдэгдсэн байдаг. Тэрбээр гурван Олимп дараалан гурван төрөлд оролцох дэлхийн цорын ганц тамирчин болох зорилго өмнөө тавьжээ. Тэрээр 2020 оны Олимпд сэлүүрт завины тэмцээнд оролцохоор зүтгэсэн боловч урьдчилсан тэмцээнийг давж чадаагүй байна.
Түүний үндсэн төрөл бол таеквондо бөгөөд үүгээрээ амжилт гарган Токиогийн Олимпд оролцож байгаа нь энэ. Олимпын эрх авар гол тулаанд Тауфатофуа хавирга нь хугарч, булчин нь тасарч, шагай нь мултарсан байсан ч ялжээ.