Токиогийн Олимпийг үймүүлэхэд чиглэсэн Оросын кибер халдлагыг үгүйсгэхгүй байгаа тухай АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (ХМТ) төлөөлөгчид мэдэгдсэнийг NBC уламжлав.
Оросын хакерууд "Олимпийн наадмыг тогтмол тасалдуулж байсан" гэж ХМТ мэдэгдэлдээ онцолжээ. “Тэд АНУ-ын олимпийн багийн тамирчид болох Симон Байлс, Серена Уильямс нарын эрүүл мэндийн картыг хулгайлж, 2018 онд Олимпын нээлтийн үеэр тасалбар борлуулалтыг тасалдуулсан" гэж хэвлэлүүд ХМТ-ны цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг иш татжээ.
Оросын хакерууд допингийн асуудлаас болж тамирчдыг нь тэмцээнээс хассанд “хариу арга хэмжээ" болгож Олимпыг дахин үймүүлэхийг оролдох вий гэж товчооныхон эмээж байгаа бололтой. Гэсэн хэдий ч Олимпын наадмын эсрэг ямар нэгэн цахим халдлагын аюул заналхийлсэн тухай тодорхой мэдээлэл одоогоор байхгүй гэдгээ тэд хүлээн зөвшөөрсөн байна.