Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийж байна. Уг төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 шоо метр хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ. Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн III багийн гэр хороололд шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь амжилттай ажиллаж байна. Эдгээр ажлууд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд өгч, амжилттай ашиглалтанд оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна. Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна.
Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийнэ. Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК нарын түншлэлтэй 2019 оны зургадугаар сарын 19-нд гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, ийнхүү хүлээлгэн өгч байна.