Хар хүзүүт тогоруу зөвхөн Төвөдийн өндөрлөг уулс бүхий нутагт тархан үрждэг онцлогтой. Харин Хятадын судлаачид 2017 онд хийсэн судалгааныхаа үр дүнд “Энэ зүйлийн тогоруу ирээдүйд Монгол орны баруун өмнөд хэсгийн өндөрлөг газарт нутагших боломжтой” гэж дүгнэжээ. Үүний дагуу манай хоёр орны судлаачид Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт хайгуул хийхэд ганц ч тогоруу олоогүй гэнэ. Харин өнгөрсөн оны зун Булган аймгийн нутагт нэгэн хар хүзүүт хархираа тогорууны сүрэгтэй хамт зусаж байгааг гэрэл зурагчид баталгаажуулж, Монгол орны шувууны жагсаалтыг баяжуулсан юм. Гэтэл тэр нь хятад судлаачид Төвөдөөс барьж, сансрын дамжуулагч зүүсэн тогоруу байжээ. Эл тогоруу энэ сарын 4-нд Говь-Алтай аймагт очиж, өнөөдрийг хүртэл тогтвортой байршиж буйг Монголын шувуу хамгаалах төвийнхөн мэдээлэв. Өмнөд хөршийн судлаачид тус тогорууг тогтмол хянаж буй гэнэ.