Нэр бүхий 5-6 хүнийг Хонконг, Макао, Малайзад худалдсан хэргийн холбогдогч Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын хэргийг өчигдөр Нийслэлийн шүүх давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв. Г.Батдэлгэр нь тухайн үед 19 настай, БНХАУ-д суралцаж байсан бөгөөд хамтрагч нараараа дамжуулж охид, бүсгүйчүүдийг Макао, Малайз, Хонконгод өндөр цалинтай, бүжигчний ажилд оруулж өгнө хэмээн хуурч аваачин худалджээ.
Улмаар орлогынх нь 10- 20 хувийг авдаг байсан аж. Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Батдэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгов. Харин ял шийтгүүлсэн гурван залуу “Анхан шатны шүүхээс оноосон ял хүндэдсэн. Хэргийг буруу шийдвэрлэсэн” хэмээн давж заалдах гомдол гаргасны дагуу Нийслэлийн шүүхэд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр Улсын мөрдөн байцаах газар руу буцаахаар шийдвэрлэлээ.