Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, хээрийн аяллын судлаачид Хустайн байгалийн цогцолбор газарт тахь, нүүдэллэн ирж жилийн 4 улирлын турш нутагших болсон цагаан зээр, аргаль хонин сүрэг болон ховордсон ургамлуудтай танилцжээ. Тус газрын биологийн төрөл зүйл, хамгаалалтын дэглэм болоод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон ажлууд, "Ковид-19" цар тахлын улмаас тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүдийн талаар тэд харилцан санал солилцон, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдсөн гэнэ. Уулзалтын үеэр энд тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгааг Хустайн байгалийн цогцолбор газрынхан мэдээлжээ. Өнөө жил гэхэд тарвага, чоно агнасан 2 гэмт хэрэг, завдсан 8 зөрчлийг илрүүлэн шалгаж буй аж.
Н.Уртнасан сайд цаашид байгаль хамгаалагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа хэлээд өдөр тутмын хэрэглээ, техник хангамжийг сайжруулах зорилгоор хоёр мотоцикл олгохоо хэлсэн аж.
Хустайн байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутагт 50.8 мянган га газрыг хамардаг. Тус газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилдагаараа онцлогтой. Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна. Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг юм.