Дэлхийд 7000, Монголд 1000 гаруй үлдсэн ирвэсийн тархац нутаг нь хумигдаж, идэш тэжээлийн дутагдалд орсны улмаас айлын мал руу дайрах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс малчид ирвэс хоёрын хооронд өрнөсөн “дайн” дуусаагүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс мэргэжилтнүүд Хоточ банхар нохойг мал хариулахад сурган ашиглах уламжлалт аргыг хэвшүүлснээр Цоохор ирвэс болон бусад махчин амьтад мал руу дайрч, шархтуулах эрсдэл буурна хэмээн үзэж буй. Ингэснээр ирвэсийн тоо толгой хорогдлыг ч бууруулах юм.
Үүнтэй холбоотойгоор “Хоточ банхар нохойг мал хариулганд ашиглах уламжлалыг хэвшүүлэх” төслийг эхлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.
Тус төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст сум, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас малчин өрх сонгож, хамтран хэрэгжүүлнэ. Тодруулбал, сонгогдсон айлд Хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургах юм. Мөн банхар болон тодорхой тооны хонь ямаанд хүзүүвч зүүж мониторинг хийх аж. Үүний зэрэгцээ эдгээр аймаг сумдын нутагт 4 цоохор ирвэс, 4 янгир ямаа барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүж нүүдэл, гүйдэл, байршлыг 4-6 цагт тутамд тодорхойлон мониторинг хийж, Цоохор ирвэс, янгир ямаа, малын байршил, бэлчээрийн давхцалыг зураглаж ус, бэлчээрийн өрсөлдөөн, бие биендээ нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлно гэнэ.