Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолын найруулагч Кентаро Кобаяши цахим сүлжээнд түүний оролцсон хошин шог бичлэг тарсны дараа хэл амны бай болжээ.
Mainichi Shimbun сонинд бичсэнээр уг бичлэг 1998 онд хийгдсэн бөгөөд тухайн үед Кобаяаши “Rahmens” гэдэг хошин шогийн хамтлагийн дуучин байжээ. Бичлэгт тэрбээр "Холокост (фашист Германы хэрэгжүүлсэн еврей үндэстнийг системтэйгээр устгах хөтөлбөр ) болж тоглохыг" санал болгон хүн дүрстэй цаасан хайчилбаруудыг цацаж байгаагаар гарсан байна.
Эл бичлэг олон нийтэд маш их хэл ам дагуулжээ. Энэ талаар холокостыг судалж, антисемитиз буюу еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцдэг "Симон Визенталийн төв" төрийн бус байгууллага "Хэн ч, хэчнээн авьяастай байлаа ч, фашистуудын геноцидын хохирогчдыг шоолох эрхгүй" гэж мэдэгджээ.
Уг хэл амнаас болж Кентаро Кобаяашиг Олимпын нээлт болохоос нэг хоногийн өмнө ерөнхий найруулагчийн албан тушаалаас нь огцруулсан байна.
Ердөө долоо хоногийн өмнө Токиогийн Олимпын нээлтийн ёслолын хөгжмийн зохиолч Кэйго Оямада мөн л албан ажлаа өгсөн билээ. Хөгжмийн зохиолчийн 1990-ээд онд “Rockin'On Japan”, “Quick Japan” сэтгүүлүүдэд нийтлэгдсэн ярилцлагууд нь япончуудын уур бухимдлыг хүргэжээ. Уг ярилцлагадаа Оямада сургуулийн сурагч байхдаа ангийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шоолж, шоглодог байсан бөгөөд үүндээ огт "харамсдаггүй" байсан гэж ярьсан байна.