Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр мөрдөн шалгах болсонтой холбоотойгоор нэг сарын өмнөөс үйл ажиллагаагаа зогсоосон, сөрөг хүчний “Пинго жибао” сонины найм дахь сэтгүүлчийг тус бүс нутгийн цагдаагийнхан баривчилсныг RTHK радио станцаас мэдээллээ. 51 настай Лам овогтыг үндэний аюулгүй байдалд аюул учруулах зорилгоор гадаадын хүчнүүдтэй хамтран ажилласан хэрэгт сэжиглэж байна. Өнгөрсөн сарын 24-нд эл сониныг хаахдаа 2.3 сая ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ. Үүссэн нөхцөл байдалд Өрнөдийн орнууд түгшиж, үүнийг тус бүс нутагт үг хэлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд цохилт өгсөн хэрэг хэмээн дүгнэв. Хонконгийн цагдаагийнхан дээрх сонины цуврал 30-аад нийтлэлтэй холбогдуулан мөрдөн шалгалт явуулж буй аж.
“Пинго жибао” болон үүний толгой “Next digital media” холдинг нь өнгөрсөн оны эцсээр баривчилсан магнат Жимми Лайгийн мэдлийнх гэнэ. Түүнийг 2019 оны зун болсон, Хонконгийн Засгийн газрын эсрэг жагсаалыг гол зохион байгуулагчдын нэг хэмээн үзэж байна. Өдгөө 73 настай тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, АНУ-ын улстөрчидтэй холбоотой ажиллаж, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байжээ. Түүнд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байгаа аж.