Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чанарыг сайжруулахад материалд нь түлхүү анхаарна хэмээн мэдэгдлээ. Юуны түрүүнд импортоор оруулж ирдэг барилгын материал шинжлэх лабораторийг Замын-Үүдэд байгуулахаар болжээ. Улмаар лаборатори байгуулах газраа авч, зураг төслөө боловсруулж эхэлсэн байна. Мөн бусад аймагт буй дээрх төрлийн лабораториудыг бэхжүүлж буйгаа хэлсэн.
Мөн барилга, байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэмд барилгын материалын чанарын асуудлыг тусгаж, шинэчлэн баталжээ. Үүнээс гадна барилгын зөвлөх үйлчилгээний дүрэмд ч дээрх асуудлыг тусгахаар санал оруулж, ирэх есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
Учир нь урд хөршөөс импортолж буй зарим бараа бүтээгдэхүүний чанарын шаардлага хангадаггүй гэнэ. Тодорхой хэлбэл, урдаас оруулж ирдэг арматур төмрийн хэмжээ жиндээ хүрдэггүй гэнэ. Мөн манайд 550 орчим барилгын материалын үйлдвэр байгаа ч чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь цөөн гэдгийг салбарын сайд Б.Мөнхбаатар онцолж байна. Тэрбээр мөн "Манайд барилгын материалын 550 орчим үйлдвэр байгаагаас 100 гаруй нь бетон зуурмагийнх. Энэ хэрэглээнээс 5-6 дахин хэтэрсэн үзүүлэлт. Тиймээс чанар шаардах болно. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1100 орчим барилга барьж буй. Эдгээрийн 350-д нь Барилгын хөгжлийн төвийн 35 байцаагч хяналт тавьж байна" гэлээ.