“Amazon” компанийг үүсгэн байгуулагч, манай гаргийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, Америкийн тэрбумтан Жефф Безос өөрийн “Blue origin” компанид бүтээсэн “New shepard” хөлгийнхөө хүн тээвэрлэсэн анхны аяллын бүрэлдэхүүнд багтан, сансарт богино хугацаанд амжилттай аялаад ирэв.
Тэрбээр дүү Марк Безос, 82 настай сансрын нисгэгч Уолли Фанк, 18 настай, Нидерландын оюутан Оливер Дэмен нарын хамт аялжээ. Тэд хамгийн том цонхтой капсулаас эх дэлхийнхээ гайхалтай дүр төрхийг харсан гэнэ. О.Дэмен сансар судалдаг бөгөөд нисгэгчийн эрх хэдийн авчээ. Тэрбээр сансарт гарсан хамгийн залуу хүн болов. Зардлыг нь түүний эцэг, Нидерландын хөрөнгө оруулалтын “Somerset capital partners” компанийн тэргүүн гаргасан байна. О.Дэмений оронд цахим дуудлага худалдаагаар 28 сая доллароор тасалбар худалдаж авсан нэгэн нисэх ёстой байсан ч эцсийн мөчид тэр хүн гэрээгээ цуцалсан гэнэ. Харин Уолли Фанк сансарт гарсан хамгийн өндөр настан боллоо.
“Миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа” гэж Ж.Безос сансарт 10 минут, 10 секунд болж, эргэн газардсаны дараа мэдэгдэв. Тэрбээр энэ мөчийг 20 гаруй жил хүлээжээ. Түүнээс долоо хоногийн өмнө “Virgin galactic” компанийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон сансарт амжилттай нисэж, хэдхэн минут жингүйдэж, эх дэлхийгээ гаднаас нь хараад ирсэн юм. Тэднээс гадна сансрыг сонирхдог “SpaceX” компанийн эзэн Илон Маск хөлөг бүтээсэн ч өөрөө хараахан нисэж үзээгүй байна.