АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Мори, БНСУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Чве Жон Гон нар Токиод гурван талын уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал хэлэлцсэн тухай Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хэлэлцээний үеэр дипломатчид тус бүс нутгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах талаар АНУ, Япон, БНСУ-ын хүлээсэн үүрэг, тэрчлэн БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс учирч болзошгүй аюулын эсрэг тус гурван улсаас авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Үүний сацуу цэргийнхэн төрийн эрхийг булаан авсны дараа Мьянмарт ардчиллыг сэргээх асуудлаар тус улсын ард түмэнд туслах асуудлыг талууд хэлэлцжээ. Дипломат байгууллагын төлөөлөгчид нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо болон тус бүс нутагт гүйцэтгэх үүргийг дэмжихээ нотолсон билээ.
Нөгөөтээгүүр, Умард Солонгосын хулгайлсан Японы иргэдийг төлөөлөн Ёкота Мэгуми, Тагути Яэко нарын төрөл төрөгсөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шермантай уулзсаныг NHK телевиз уламжлав. Ойр дотнынхноо эх оронд нь түргэн авчирах асуудалд туслахыг тэд В.Шерманаас хүссэн байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан хулгайлагдсан иргэдийн төрөл төрөгсөдтэй хийсэн анхны уулзалт болсон юм. Уулзалт Япон дахь АНУ-ын ЭСЯ-нд хаалттай болжээ. Хулгайлагдсан хүмүүсийн гэр бүлийн байдлыг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа В.Шерман мэдэгдсэнийг уулзалтад оролцогчид уламжилсан байна