Зуны олимпын ХХХII наадам Японд өчигдөр 09.00 цагт, албан ёсны нээлтээс хоёр хоногийн өмнө (хөлбөмбөг зэрэг спортын зарим багийн тэмцээн нь эхэлдэг) софтболын тэмцээнээр буюу Япон, Австралийн багийн тоглолтоор эхлэв.
Ташрамд дурдахад, бэйсболын нэгэн төрөл болох (том зөөлөн бөмбөгөөр тоглодог) софтбол нь 1996 оны Атлантын олимпын хөтөлбөрт (зөвхөн эмэгтэйчүүд) анх багтсан бөгөөд 2012, 2016 оны олимпын наадмын хөтөлбөрт ороогүй. Олимпын аваргаар АНУ-ын софтболчид гурван удаа (1996, 2000, 2004), Японы баг нэг удаа (2008) тодорсон бол Токиогийн олимпын анхны зочин болох Австралийн баг 2004 онд мөнгө, 1996, 2000, 2008 онд хүрэл медаль зүүж байв. Токиогийн олимпын софтболын төрөлд Япон, АНУ, Австрали, Канад, Мексик, Итали гэсэн зургаан орны баг өрсөлдөх юм. Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн тоглолт энэ өдөр эхэллээ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин