Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэро Монголиа” компанийн онгоц хойд хөршид саатжээ. Тус нислэгийн багийнхан уржигдар ОХУ-ын “Челябинск” нисэх буудалд газардаж, түлшээ цэнэглэх явцад өөрөө явагч шат агаарын хөлгийн зүүн хойд талыг мөргөж, гэмтэл учруулсан байна. Үүний улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх аргагүй болсон гэнэ. Уг онгоцоор нийт 131 иргэн зорчиж байжээ. Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар, “Аэро Монголиа” компанийнхан ОХУ-ын холбогдох байгууллагынхантай хамтран зорчигчдыг хойд хөршийн хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулсан аж. Иргэдийг Анталъя хот хүртэл шуурхай тээвэрлэх зорилгоор “Аэро Монголиа”, МИАТ компанийнхан хамтран ажиллаж буй юм байна. Тодруулбал, Туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгмөгц МИАТ-ийнхэн зорчигчдыг Анталъя хүртэл тээвэрлэхээр болжээ.
Бэлтгэсэн М.ОЧ