Монголын хөлбөмбөгийн холбооны санаачилсан төслийн хүрээнд 2016 онд Унгарын мэргэжлийн хөл бөмбөгийн Пушкаш академид суралцахаар зорьсон дөрвөн хөлбөмбөгчний нэг нь Г.Ганбаяр. Тэрбээр академийнхаа I багийн тамирчидтай өнгөрсөн тавдугаар сард тус улсын дээд лигт тоглож, мөнгөн медаль хүртэн Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авсан. Тэгвэл тэрбээр одооноос Словак улсын II лигийн “КФС комарно” багт нэг жилийн хугацаатай зээлээр тоглох нь. Ташрамд дуулгахад, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаагаар манайхан “J” хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохион байгуулж, Тайланд, Малайз, Лаосын багтай тоглохоор учраа таарчээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы мэргэжилтэн Масэ Шүичигийн удирдлагад хэсгийн эхний тоглолтод ирэх аравдугаар сарын 27-нд Тайланд, 29-нд Малайз, 31-нд Лаосын баг тамирчидтай тоглоно.