Нийслэлийн ойн санд хөнөөлт шавжтай тэмцэх ажил ид үргэлжилж буй энэ цагт орон нутгийнхан ч модны дайснуудтай “тулалдаж” эхэлжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Орхон, Дархан, Хонгор сумын нутаг дахь Орхон, Хараа голын бургасан ойд өргөн тархсан моносны бүгэг, бургасны хүр эрвээхэй, ургамлын бөөс устгажээ. Тус газрынхан эдгээр газарт өнгөрсөн хавар судалгаа хийхдээ ойн хортон шавж голомтлон тархсан, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай 2000 га талбай байгааг тогтоосон аж. Устгалыг энэ чиглэлийн дагуу хийсэн бөгөөд Сум дундын ойн ангийн алба хаагчид болон байгаль хамгаалагчдыг дайчилжээ.