Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан “Алтайн халиун буга” төрийн бус байгууллагатай хамтран хэд хоногийн өмнө Хустайгаас Хантайширын нуруунд 10 халиун буга нутагшуулсан. Тэгвэл Өмнөговь аймгийнхан мөн тооны илийг Говь гурван сайхан уулд нутагшуулахаар болжээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан 2016 оноос Баруун сайхан уулд буга сэргээн нутагшуулах ажил зохион байгуулж ирсэн бол “Нутгийн хишиг-2024” төслийн хүрээнд Говь гурван сайханд анх удаа халиун бугын төл шилжүүлэн тавихаар бэлтгэлээ базааж байна.
Өнгөрсөн сард төрсөн илийнүүдийг 30 гаруй хоног угжиж, тэжээсний дараа Булган сумын нутаг дахь Хөөрхөн дэвсэгхэмээх газарт тусгай байрт шилжүүлээд буй аж. Илийнүүдийг өдөрт дөрвөн цагийн зайтай таван удаа угждаг бөгөөд бүгдийг нь хооллоход 25 литр сүү шаардлагатай гэнэ. Ийм хэмжээний сүү өдөр бүр нийлүүлэх айл ойр хавьд нь байхгүй тул байгаль хамгаалагчид Даланзадгадаас сүү зөөхөөр болжээ.