Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтран Ерөө сумын нутагт төлөвлөгөөт бус шалгалт хийхэд Харгана, Өлөнт, Цамхаг зэрэг газарт хувь хүмүүс болон компаниуд хууль бусаар алт олборлож байжээ. Зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, 12 иргэн, гурван уурхайг уулаас буулгажээ. Техник хэрэгслийг нь лацдаж, заримыг нь хураан авч, эвдсэн газраа нөхөн сэргээх, байгальд учруулсан хохирлоо хуулийн дагуу барагдуулах шаардлага тавьсан байна. Ойн сан, усны эх бүрэлдэх газраас ашигт малтмал олборлох, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, өөр уурхайн хайгуул, ашиглалтын талбайг ашиглах зэрэг зөрчил түгээмэл илэрчээ. Цаашид тухайн бүсэд хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлж, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх гэнэ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг тусгай дугаарын утсаар өгч, хамтран ажиллахыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар орон нутгийн иргэдээс хүсжээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл